-Хүн бүр таныг НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхийг хүлээж байгаа. Та олон жил завсарласны эцэст үг хэлэхээр болсон. Та НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд юу хэлэх вэ?
-Бидний ярилцлага намайг үг хэлэхээс өмнө гарах учраас юу ярих талаараа хэлэх нь зохимжгүй. Ер нь бол Нэгдсэн Үндэсний байгууллагын түүхийн талаар дурдана. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдлын талаар, дэлхий дахинаа энх тайвныг дэмжих уриатай олон улсын цорын ганц төгс байгууллага нь НҮБ л үлдсэн гэдгийг ярина.
-Таныг “Исламын улс”-ын аюул заналын талаар мөн Сири дэх танай улсын оролцооны талаар ярих байх гэж бид таамаглаж байна. Танай улс Сирийн нөхцөл байдалд оролцох, энэ нь Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд ямар холбоо хамааралтай байх вэ?
-НҮБ-ын индэр дээр үг хэлсэн хүн бүр алан хядах ажиллагаатай тэмцэх шаардлагатай, мөн энэ тэмцлийн асуудлаар ярина гэдэгт эргэлзэхгүй байна. Би ч мөн энэ сэдвээс хазайхгүй. Учир нь энэ бол бидний өмнө тулгараад байгаа нийтлэг аюул занал. Өнөөдөр терроризм дэлхийн олон улсад тулгамдсан асуудал болж, алан хядагчдын гэмт үйлдлийн улмаас хэдэн зуун мянга, саяараа хүмүүс хохирч байна. Тиймээс бид энэ аюул заналтай тэмцэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй.
Манай улсын тухайд Сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлж, мэргэжилтнүүдийг нь сургаж, Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зорилго нь оршиж байгаа юм. Бид НҮБ-ын дүрмийн дагуу ажиллаж байна, өөрөөр хэлбэл аливаа улс оронд тусламж, тэр дундаа цэргийн тусламж үзүүлэхдээ хууль ёсны засгийн газарт нь үзүүлэх ёстой гэсэн журмыг дагаж байна. Сирийн засгийн газар цэрэг техникийн тусламж үзүүлэхийг хүссэн, бид ч олон улсын хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээрийн дагуу тусламж үзүүлж байна.
-Танай улс исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри талархан хүлээж авч байгаагаа илэрхийлж байлаа. Харин зарим хүмүүс цэргийн онгоцууд алан хядагчдын эсрэг биш харин энгийн армийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа?
-Тэнд хууль ёсны ганцхан арми бий. Энэ бол Сирийн Ерөнхийлөгч Асадын арми. Үүний эсрэг сөрөг хүчин зогсож байгаа гэж олон улсын түншүүд тайлбарладаг. Үнэн хэрэгтээ Асадын арми алан хядах байгууллагуудтай тэмцэж байгаа юм. АНУ-д саяхан болсон сонсголын талаар та надаас илүү мэдэж байгаа байх. Би андуураагүй бол Пентагоны төлөөлөгчид сөрөг хүчний цэргийн хэсгүүдийг хэрхэн бэлтгэсэн тухай яригдсан. Анхандаа 5-6 мянган дайчин бэлдэнэ, дараа нь 12 мянгыг бэлдэнэ гэсэн зорилт тавьсан.
Гэтэл үүний дүнд ердөө 60 хүн бэлтгэгдэж, 4-5 нь л зэвсэг барин тулалдаж байгаа бол бусад нь Америкийн зэвсгийг аваад Исламын улс руу зугтчихсан. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, хууль бус бүтцэд цэргийн тусламж үзүүлж байгаа нь олон улсын эрхзүй болон НҮБ-ын Дүрэмд нийцэхгүй гэж би үзэж байна. Харин бид хууль ёсны засгийн газрыг дэмжиж байгаа.
-Та Ерөнхийлөгч Асадыг дэмждэг. Харин Асадын Сирид хийж байгаа үйлдлүүд, хэдэн сая дүрвэгч, армийнхны гарт амиа алдсан олон мянгын хүнтэй холбоотой тэр үйлдлүүдийг та дэмждэг үү?
-Сирийн төрийн институтуудыг бүрэн устгасны дараа энэ улсад юу болох бол гэж огтхон ч бодолгүйгээр Асадыг унагахын тулд зэвсэгт сөрөг хүчин, ер нь бол алан хядах байгууллагынхныг дэмжиж байгаа хүмүүсийг та зөв үйлдэл хийж байна гэж боддог уу? Та нар үргэлж Сирийн арми ард түмэнтэйгээ дайтаж байна гэж ярьдаг. Сирийн нутаг дэвсгэрийн 60 хувийг хэн хяналтдаа оруулсан байна хараад үз л дээ. Сирийн нутаг дэвсгэрийн 60 хувийг Исламын улс бүлэглэл, “Жебхат ан-нусра” гэсэн АНУ болон бусад улс орон, НҮБ алан хядах байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн бүлэглэлүүд хяналтдаа байлгаж байна.
-Исламын улстай тэмцэх хүрээнд шаардлага гарвал та цэргийн хүчээ Сири рүү илгээхэд бэлэн үү?
-Орос улс Сири болон бусад улс орнуудын нутаг дэвсгэр дээрх цэргийн ажиллагаанд оролцохгүй, бид одоогийн байдлаар төлөвлөөгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгч Асад болон бусад улс орнуудын түншүүдтэйгээ ярилцаад, нөхцөл байдал яаж эргэх тал дээр бодолцоно.
-Виктор Януковичийг түлхэн унагасан хэрэгтэй АНУ холбоотой гэж та үздэг үү?
-Би энэ талаар сайн мэднэ.
-Та үүнийг яаж мэдсэн юм бэ?
-Маш энгийн. Украинд амьдарч байгаа хүмүүстэй бид маш олон тооны харилцаа холбоотой байдаг. Януковчийг түлхэн унагаасан хүмүүстэй хэзээ уулзаж, хэрхэн хамтарч ажилласан, яаж дэмжиж байсан, хэдийг төлсөн, энэ үйл явдлыг зохион байгуулагчид ямар орны нутаг дэвсгэр дээр хэзээ уулзалдсан гээд бид бүгдийг мэднэ. Энүүхэндээ гэхэд Америкийн түншүүд ч энэ талаар нуудаггүй шүү дээ.
-Та Украины тусгаар тогтнолыг хүндэлдэг үү ?
-Мэдээж хүндэлнэ. Гэхдээ бусад орнууд ч Украин зэрэг улс орнуудын тусгаар тогтнолыг хүндлээсэй гэж хүсч байна. Тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэдэг нь төрийн эргэлт, үндсэн хуулийн эсрэг үйлдэл, хууль ёсны засаглалыг хууль бусаар унагах ажиллагааг гаргахгүй байх гэсэн үг.
-Хууль ёсны засаглалыг ямар байдлаар унагадаг юм бэ. Украин дахь засаглалын шинэчлэлтэд гүйцэтгэсэн Оросын үүрэг ямар байв?
-Орос улс хууль ёсны засаглалыг унагахад чиглэгдсэн үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй, оролцох ч үгүй.
-Гэхдээ энэ зорилгоо биелүүлэхийн тулд та цэргийн хүчээ ашиглах шаардлага гарч байсан л биз дээ?
-Мэдээж үгүй.
-Украины хил дагуу Оросын цэргүүд байрладаг, тэр бүү хэл хөрш орны нутаг дэвсгэр дээр Оросын цэргүүд байгаа гэж олон хүн баталдаг?
-Танай цэргүүд Европт бий биз?
-Тийм ээ.
-Европт АНУ-ын тактикийн цөмийн зэвсэг байрладаг, энэ тухай мартаж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ? Та нар Германыг эзлэн авсан эсвэл түрэмгийлсэн цэргийн хүчнийг НАТО-ийн цэргийн хүчин болгосон гэсэн үг үү? Харин бид аль нэг оронтой залгаа хил дээр өөрийн нутаг дэвсгэр дээр цэргээ байрлуулахаар энэ гэмт хэрэг болчих уу?
-АНУ-д таны талаар их ярьдаг.
-Өөр хийх ажил байдаггүй юм уу?
-Тэд ердөө л сониуч хүмүүс юм болов уу. Та их сонирхолтой хүн учраас таныг ярьж байж болох шүү дээ. Таныг Улсыг аюулаас хамгаалах хороонд ажиллаж байсан, дараа нь Санкт-Петербург хотын дарга болж улс төрийн карьераа эхэлсэн, дараа нь Москва руу явсан гээд л таны тухай тэд бүгдийг мэддэг. Та гадаад тагнуулд ажиллаж байсан, тэгэхээр хүмүүсийг “унших” нь таны ажил юм болов уу гэж бодогдсон.
-Тиймээ миний ажил байсан. Харин өнөөдөр би өөр ажилтай, би энэ өөр ажлыг хийгээд хангалттай удаж байна.
-Орост таны нэр хүнд асар өндөр байдаг, ямар ч орны улс төрч атаархмаар. Таны алдартай болж байгаад юу нөлөөлдөг юм бол?
-Намайг болон Оросын бусад иргэдийг нэгдмэл болгодог нэг л зүйл бий. Энэ бол эх орноо хайрлах хайр.
-Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж, хүмүүс Орос улсын учруулсан хохирлын талаар ярьж байхад бидний сэтгэлийг нэг л зүйл хөдөлгөсөн. Та аавынхаа зургийг гартаа бариад нулимс цийлгэнүүлэн зогсож байсан.
-Тийм ээ, манай гэр бүл, төрөл садан Дэлхийн хоёрдугаар дайны үед их хагацал амссан. Энэ бол үнэн. Манай аав ах дүү тавуулаа байсан ч дөрөв нь амь үрэгдсэн. Ээжийн талаас ч мөн адил. Орос улс их хагацал зовлон амссан. Мэдээж бид үүнийг мартаж чадахгүй, мартах ч ёсгүй, хэн нэгнийг буруутгах гэсэндээ биш ирээдүйд ийм зүйл бүү давтагдаасай гэсэндээ тэр.
-Өнгөрсөн зууны хамгийн аймшигт эмгэнэлт явдал бол Зөвлөлт Холбоот Улс задран унасан явдал гэж та ярьж байсан. Гэхдээ өнөөдөр Украин, Гүржийг хараад хүмүүс таныг Зөвлөлтийн эзэнт гүрнийг байгуулах гэж биш харин өнгөрсөн тэр жилүүдэд байсан холбоо харилцаанаас үүдэн Оросын нөлөөг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж хүмүүс үздэг. Та яагаад инээгээд байгаа юм бэ?
-Та намайг баярлуулж байна. Биднийг үргэлж л ямар нэг амбицад сэжиглэж, үнэн мөнийг гуйвуулах гэж үздэг. ЗХУ задран унасан нь 20-р зууны хамгийн том эмгэнэл гэж би үнэхээр хэлж байсан. Яагаад вэ гэж үү? Юун түрүүнд, ердөө хэдхэн мөчийн дотор 25 сая орос хүн ОХУ-ын хилийн цаана байхаар болчихсон. Тэд нэгдмэл улсад амьдарч байгаад гэнэт л хилээр тусгаарлагдчихсан. Ямар их асуудал үүснэ гэдгийг төсөөлөөд үз дээ? Ахуйн асуудлууд, гэр бүлүүд салсан, эдийн засаг нийгмийн асуудлууд гээд тоочоод баршгүй. 25 сая орос хүн хилийн цаана үлдчихсэнийг та ердийн хэрэг гэж үзэх үү? Орос үндэстэн өнөөдөр дэлхий дээр хамгийн том хуваагдсан үндэстэн болсон. Энэ асуудал биш үү? Таны хувьд асуудал биш байх, харин миний хувьд маш том асуудал.
-Орост таныг шүүмжилдэг хүмүүс олон бий. Улс төрийн сөрөг хүчин, сэтгүүлчид Оросын шоронд хоригдож, заримынх нь амь насыг бүрэлгэж байна. Таныг хязгааргүй эрх мэдэлтэй гэж шүүмжилдэг. Орос дахь улс төрийн нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?
-Хууль сахихгүйгээр ардчилал байна гэж үгүй, бүгд хууль баримтлах ёстой. Хүмүүс тэр дундаа сэтгүүлчид амиа алдсан тал дээр гэвэл харамсалтай нь ийм зүйл дэлхийн бүхий л улс орнуудад байдаг. Гэхдээ бид буруутай хүмүүсийг олж, шийтгэхийн төлөө бүхнийг хийж байна. Хамгийн гол нь улс төрийн тогтолцоогоо сайжруулахын тулд бид цаашид ч хичээнэ. Энгийн нэг хүн төр нийгмийн амьдралд нөлөөдөг, засаглалд нөлөөлдөг гэдгээ мэдэрдэг, засаглал нь сонгуулийн кампанит ажлын үеэр төлөөлөлд нь итгэл хүлээлгэсэн хүмүүсийн өмнө нээлттэй байх ёстой гэдгээ мэдэрдэг байх тийм тогтолцоог бүрдүүлэхээр хичээж байна.
-Танай орон хамтын ажиллагаатай байдаг бусад орнуудаас илүү Америк таны сонирхлыг татдаг уу?
-Мэдээж, АНУ-д болж байгаа зүйл бидэнд сонирхолтой. Америк улс дэлхий дахин дахь нөхцөл байдалд бүхлээр нь асар их нөлөө үзүүлж байна шүү дээ.
-Танд Америкийн юу нь илүү таалагддаг вэ?
-Америкийн өмнө тулгамдсан асуудлуудыг бүтээлчээр шийддэг, нээлттэй. Энэ нь хүмүүсийн дотоод нөөц боломжийг нээх боломжийг олгодог. Үүний ачаар Америк хөгжилдөө гайхалтай амжилтуудыг олсон байх гэж боддог.
-Та Ерөнхийлөгч Обамагийн талаар ямар бодолтой явдаг, түүнийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би АНУ-ын Ерөнхийлөгчийг дүгнэх эрхгүй. Энэ бол Америкийн ард түмний хийх хэрэг.
-Орост хүмүүс танаас айдаг уу?
-Үгүй гэж бодож байна. Хүмүүс сонгуульд миний төлөө санал өгөхдөө надад итгэдэг. Энэ бол хамгийн чухал. Хүмүүс надад итгэл хүлээлгэдэгт би талархдаг. Гэхдээ энэ их итгэлийн хариуд асар их хариуцлага хүлээнэ.
-Зарим хүмүүс таныг хаан гэж нэрлэдэг шүү дээ?
-Тэгээд юу гэж. Намайг янз бүрээр л нэрлэж байдаг.
-Энэ нэр танд тохирох уу?
-Үгүй. Найз нөхөд, сөргөлдөгчид хэн гэж нэрлэх нь чухал биш. Харин Оросын төрийн тэргүүн гэдэг энэ албан тушаалыг итгэж хүлээлгэсэн улс орныхоо ашиг сонирхлын төлөө юу хийх нь л чухал.
Эх сурвалж: kremlin.ru
0 comments:
Post a Comment