Tuesday, October 6, 2015
Ш.Доржсүрэн: Тайландад нэг барын зургийг ганцхан цаг авахын тулд 1000 ам.доллар төлдөг
“Элэг нэгтэн” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгчиддаа өргөн бариад буй “Доз” энтертайнмент студийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа
- “Доз” энтертайнментын шинэ уран бүтээл “Элэг нэгтэн” кино олон улсын кино фестивалд шалгараад нээлтээ хийх гэж байна. Шинэ уран бүтээлийнхээ талаар ярьж өгөөч. Энэ киногоор чухам юуг харуулахыг зорив?
-Монголчууд маань их бухимдалтай нийгэмд амьдарч байна. 60-70 жил социалист нийгэмд амьдарсан, дараа нь 1990 оноос эхэлж ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд амжилт олсон олон гайхалтай цаг мөч бий. Гэхдээ хамгийн нандин гэсэн хүн чанар, бие биенээ хайрлах сэтгэлээ гээжээ. Монголчууд бие биенээ эрхэмлэх нь алдагдаж байгаа учраас “Элэг нэгтэн” киног Тайланд улсын “Ме” продакшнтай хамтарч хийлээ. Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлах цаг нь болсон шүү гэдгийг мэдрүүлэх зорилгыг кинондоо агуулсан.
-Та ихэвчлэн гадаадад киноны зураг авалтаа хийдэг. Кино бүртээ гадны жүжигчдийг тоглуулдаг. “Элэг нэгтэн” киног ч Тайланд улсад хийж, холливудын жүжигчдийг тоглуулжээ. Гадаадад кино хийхийн давуу тал юу байдаг вэ?
-Монголчууд холливуд гэж их ярих болжээ. Холливуд гэдэг нь өөрөө ямар утга учиртай, энд ямар хүмүүс хамаарагддаг, кино үйлдвэрлэл гэж чухам юу байдгийг мэдэхгүй салхин дээгүүр хөвөлзөөд байна. Гадны уран бүтээлчидтэй ажиллах гэдэг бол киног үйлдвэрлэл явуулах дэг жаяг стандартын голд нь орж өөрийн биеэр мэдэрч ажиллахыг хэлж байгаа юм. Ер нь есөн давхар луу шууд харайж ороод холливудын жүжигчин болно гэж байдаггүй. Холливуд гэдэг бол огт өөр дэг жаяг, стандарттай, хэв маягтай кино үйлдвэрлэлийн газар. Солонгост гэхэд кино урлаг өндөр хэмжээнд хөгжсөн хэрнээ холливудын жүжигчин ганц, хоёрхон очсон байдаг. Хятадаас гэхэд цөөхөн найруулагч холливудад очиж ажилласан байдаг юм. Өнөөдөр холливудын кино гэдгийг монголчууд төдийлөн сайн мэдээгүй, мэдрээгүй байна. Тэгэхээр бид есөн давхар луу шууд харайлгүйгээр давхар давхараар ажиж дэвших гэж хичээж ажиллаж байна. Тиймээс бид киногоо Солонгос, Тайланд, Вьетнам зэрэг улсад хийж байна. Кино урлаг бол тухайн улсын өнгө төрх, нүүр царай болж байдаг. Хүний зүрхэнд хүчтэй хүрдэг урлаг учраас болгоомжтой хандахгүй бол болохгүй. Дэлхийд Монголын киног гаргах, бид гадныхнаас суралцах ёстой. Түүнээс бус гадаадад очиж кино хийдэг Ш.Доржсүрэн гэж сурталчлахдаа гол биш. Дотроо бие биенийгээ хараад ойлгохгүй байгаа хүмүүс гадаадад очоод монголыгоо яаж боддог, монгол хүн ямар шалгуурт ордог, бид хэн бэ, хэнд тоогдоод, хэнд огт тоогдохгүй байгаа гэсэн хандлагыг гаргаж ирэхийг хүссэн. Энэ бүхний цаана улс нь ямар байгаа, улсыг бүрдүүлж байгаа хүмүүсийн хувь тавилан хаашаа эргэж байна вэ гэсэн санааг гадаадад хийсэн үйл явдлууд товойлгох учраас гадагшаа явж кино хийх нь бий.
-“Элэг нэгтэн”-д тоглосон гадаадын жүжигчдийг харахад нэлээн нэр хүндтэй жүжигчид байна. Энэ хүмүүсийг кинондоо тоглуулахын тулд ямар санал, үнэ хөлс амалдаг вэ?
-Ямар хэмжээний жүжигчид тоглуулсан бэ гэдгийг интернэт сайтуудаар ороод харахад л ойлгомжтой. 2013 оны Канны олон улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн олон улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо "Шилдэг эрэгтэй дүр"-ийн эзэн болж байсан Витхаяа Пансрингарн манай кинонд шоронгийн офицерын дүрд тоглож байгаа.Түүний тоглосон “Сүүлчийн цаазлагч” кино тун алдартай. Мөн манай киноны бас нэг дүр болох Сичьяа бол Тайландадаа болон дэлхийд нэр алдартай уран бүтээлч. Цэцэрлэгч өвгөний дүрийг бүтээсэн Ковит бол Тайландын домог болсон жүжигчин. Тайландын жүжигчид энэ хүний киног үзэж, шүтэж өссөн гэж бодохоор ямар агуу гэдэг нь харагдаж байгаа биз. Манай киноны гол дүрд тоглосон Дак гэдэг залуу 70 сая хүн амтай Тайландын эхний 10-т ордог жүжигчин. Монголын уран бүтээлчид гадны кинонд тоглох нь сайн хэрэг. Гэхдээ гадны алдартай жүжигчдийг өөрсдийнхөө уран бүтээлд оролцуулан тоглуулна гэдэг бол бүр сайн хэрэг гэж бодож байна.
-Ийм мундаг жүжигчдийн үнэ хөлс мэдээж өндөр байгаа байх. Та ямар ханшаар кинондоо тоглуулав?
- Кино урлаг бол мөнгөтэй хүний л хийдэг ажил. Яагаад вэ гэвэл тайзан дээр нэг тоглоод буух бус олон үйлдвэрлэл явагддаг. Мөн тэр алдартай жүжигчид өөрсдийн гэсэн үнэлгээтэй байдаг. Учир нь од болно гэдэг бол түүнийг дагаад эдийн засаг нь өсч байдагт оршиж байгаа юм. Тухайн жүжигчинг дагалдсан менежерүүд, багийнхан гээд өндөр цалин авдаг хүмүүс тойрон хүрээлдэг. Тэгэхээр мэдээж өндөр ханштай байх нь ойлгомжтой. Гэхдээ бидний хувьд тэр хүмүүстэй ярилцаж, киноныхоо утга санааг сайн ойлгуулсан. Тиймээс үнэ хөлснөөс гадна бас нэг зүйл бий. Хамгийн чухал зүйл нь тухайн киноны чанар чансаа. Яагаад вэ гэвэл тэр жүжигчид хэчнээн их хэмжээний мөнгө аваад муу кинонд тоглоно гэж байхгүй. Тийм учраас кино зохиол, кино багийнхныг ч сайн судалж үздэг. Давхар Монгол Улсыг ч судалдаг. Энэ бүхний дараа кинонд тоглох үгүйгээ шийддэг юм. Харин тоглох шийдвэр гаргасан бол бид тэр хүний хүссэнээр төлбөрийг төлнө. Тийм учраас тэр жүжигчдийн хүссэн төлбөрийг төлсөн. Яагаад энэ бүхнийг төлөх болсон бэ гэж асуух байх. “Доз” энтертайнментын хувьд хэрвээ юм хийж байгаа бол заавал сайн юм хийх ёстой гэсэн үзлийг баримталдаг. Нүд хуурсан, өнөө маргаашаа аргалсан уран бүтээлийг хийдэггүй.
-Киноны трэйлерээс харахад зураг авалтыг Тайландын шорон, сүм гээд онцгой хамгаалалтад байдаг болов уу гэмээр объектуудад авсан харагдсан. Яаж нэвтэрч орж, зураг авалтыг хийсэн бэ?
-Үүнийг монголчууд ч мэдэх ёстой. Кино урлагийн өөрийн контентыг, кино урлагт яаж хандах уу гэдэг хандлага нь манайхаас тэнгэр газар шиг зөрүүтэй. Манай кино урлагийнхан бол өнчин ишиг шиг л бор зүрхээрээ явдаг. Гэтэл гадаадын улс орон кино урлагаасаа маш их мөнгө босгож чадаж байна. Киноны зөвшөөрөл авахын тулд бүхэл бүтэн баг ажилладаг. Улсын кино хороонд 20 хувь англи хэл дээр, 20 хувь Тайланд хэл дээр кино зохиолоо хүргэж, хүсэлтээ тавина. Ингээд 20 эксперт тус кинон дээр ажиллаж нэг бүрчлэн уншдаг. Уншсаныхаа дараа улсыг нь, хааныг нь, бурхны шашныг нь доромжилсон байна уу, гаж буруу үйлдэл гарах нь уу гэдгийг ч нягталж үздэг. Мөн өндөр хэмжээний татвар төлөөс авдаг. Түүнээс гадна зураг авалтын үед ч туршуул маягийн хүн өдөр бүрийн кино зураг авалтын үеэр найруулагчийн ард ажилладаг юм билээ. Тэр хүн зохиол дээрх байдлаараа зургаа авч байна уу, утга санаа нь зөв явж байна уу гэдгийг хянаж байдаг. Ингээд орой болгон тэмдэглэл хөтөлж, зураг авч байгаа газрууд дээрээ татвараа төлсөн эсэх, кино уран бүтээлчдийн багийн илүү цагийн хөлсийг төлж үү, бүх газруудын гэрээ хийгдсэн байна уу гэдгийг ч хянадаг. Тиймээс маш их мөнгийг гадны улсад төлж байгаа юм. Манай кино багийнхан бүх татвараа төлж, албан ёсны бичиг баримтыг бүрдүүлсэн учир шорон, сүм зэрэг онцгой обьектод зураг авалтаа хийсэн. Үнэндээ энэ газруудад зураг авахаар орох нь битгий хэл, жирийн хүн нэвтрэх эрхгүй шүү дээ. Тайландын шоронд болон сүмд зураг авах хэцүү байсан. Учир нь эдгээр газар улсынхаа мэдэлд өндөр хэмжээний хамгаалалтад байдаг. Бүр нарийн ярьвал цэцэрлэгт хүрээлэнд ч зураг авахуулдаггүй. Энэ нь эзэн хааны нэрэмжит цэцэрлэг учраас зураг авахын тулд зөвшөөрөл авах ёстой. Бид маш олон зөвшөөрөл авч, нэлээн онцгой газруудад зураг авалтыг хийсэн.
-Онцгой обьектуудад зураг авснаас гадна эрсдэл өндөртэй зураг авалтыг ч хийсэн байна. Тухайлбал бар жүжигчин рүү дайрч байгаа хэсгийг хараад айдас төрлөө. Араатан амьтан гэдэг утгаараа сургаж тоглуулах хэр хэцүү байв?
-Одоо ч энэ тухай ярихаар үстэй толгой арзайж байна. Хүмүүс бар байтугай барын бамбарын хажууд ч зургаа авахуулахдаа айгаад ойртож чаддаггүй. Тэр хэсгийн зургийг авахад хар, муйхар зоригоор хийсэн байдаг. Зохиол бичигдэж байхдаа Тайландын ширэнгэн ойд бар байна. Бартай тааралдвал зүгээр гэж бичсэн байгаа юм. Тэгээд үүнийг бодит байдалд оруулахад их том асуудалтай тулгарсан. Гэтэл нутгийн уугуул зарим иргэд ч бар хараагүй байдаг. Тиймээс барын зураг авна гэхэд тайландчууд хүртэл их гайхсан. “Ямар сонин юм бэ, барыг кинонд яаж тоглуулах вэ, бид нар ч бар кинонд тоглуулж үзээгүй” гэж байсан. Монгол хүний хийморь гэж байдаг даа. Түүнийхээ дагуу зорьсон зорилго руугаа зүтгэсэн. Тэгээд Тайландад бартай сүм байдгийг дуулаад очсон. Тэгээд барын зургийг авахын тулд телевизийн маягаар буюу барыг гинжтэй байхад нь зураг аваад дараа нь гинжийг нь монтажны аргаар арилгая гэж бодсон юм. Гэтэл яг нөхцөл байдал дээр очиход барын гинжийг арилгахын тулд ард ногоон грийн скрийн хийж өгөхгүй бол болохгүй байсан. Тэгэхгүй бол гинж арилгахад муухай харагдах гээд байсан юм. Бас сүмийнхэн гайгүй биз дээ гэхээр нь зориглоод барын гинжийг авсан. Бидний өмнө Энэтхэгийн Болливудын 80-аад хүнтэй кино зургийн баг ирж гурван бартай зураг авалт хийгээд явсан талаар сүмийнхэн ярьж байсан. Нэг барын зургийг ганцхан цаг авахын тулд 1000 ам.доллар төлдөг. Гэтэл 1000 ам.доллар төлсөн барын зураг манай кинонд минут хүрэхгүй хугацаанд л гардаг.
-Хамгийн хүнд хэлбэр нь жүжигчин А.Мөнгөнзул улаан даашинзтай байсан. Араатан амьтан улаан өнгө харж чадахгүй догширдог гэдэг шүү дээ. Яагаад заавал улаан даашинз өмсүүлсэн юм бэ?
- Харин тийм ээ. Тэр сүм рүү богино шорттой ч орж болохгүй гэсэн заалттай юм билээ. Тэртусмаа улаан хувцсыг бүр хориглосон байсан. Учир нь амьтан улаан юм харахараа уур нь хүрч, дайрдаг учраас. Бид үүнийг ерөөсөө тооцоолоогүй байсан юм. Өмнөх зураг авалтад А.Мөнгөнзул улаан даашинзтай зугтаж явдаг. Ингэж яваад бартай дайралдах ёстой. Ингээд бид барын зураг, жүжигчний зургийг дан, дангаар нь авъя гэхээр зураг авалтын утга учир алдагдах гээд байсан юм. Мөн үзэгчдээ хүндлэх үүднээс ямар ч байсан бар, жүжигчин хоёроо цуг байгаагаар нь зургийг авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ бүхнийг гэргийтэйгээ зөвлөлдсөн. Гэхдээ миний хувьд аргалчихъя гэсэн байр суурьтай байсан. Гэтэл эхнэр маань ингэж зорьж ирчихээд ийм хэмжээний төлбөр төлчихөөд зорилгоо биелүүлэхгүй явна гэж байхгүй гэсэн. Бид эхлээд айж байсан. Хамгийн наад зах нь ямар нэгэн зүйл боллоо гэхэд бараас хамгаалж байгаа хамгаалагчдад нойрсуулагч буу байгаагүй. Энэ бол Монголд байхгүй л зураг авалт болсон.
-Ингэж өндөр зардал гаргаж, эрсдэлтэй алхам хийж бүтсэн кино зардлаа нөхөж, орлого сайн олж чадах болов уу?
-Хаа сайгүй эдийн засгийн хямрал нүүрлэжээ. Ундаа, ус, жүүс нь хүртэл ямар хэмжээний өртөгтэй байгаа билээ. Тэгэхээр өндөр зардлаар хийсэн кино монголоос ашгаа олно гэж байхгүй. Гэхдээ өөрийнхөө улсын зах зээлд тааруулаад жижигхэн камераар зураг авалтаа цөөхөн жүжигчинтэй хийгээд инээлгэх гээд ч байгаа юм шиг, уйлуулах гээд ч байгаа юм шиг кино хийх шаардлага байхгүй. Бид туйлдаа хүрсэн баян хүмүүс биш, бор зүрхээрээ л ажиллаж байна. Эдийн засгийн туслалцаа өгсөн спонсор байгууллага байхгүй. Бид өөрсдөө л тодорхой хэмжээний зээл авч, кино урлагтаа зарцуулж байна. Киногоо Тайланд улсад нээх хүсэл зорилготой байгаа. Энэ дашрамд кино бүтээхэд хамтарч ажилласан “Газар капитал” партнерсийн хамт олонд талархлаа илэрхийлье.
-“Элэг нэгтэн” уран сайхны кино гадаадад нээлтээ хийж байгаа төдийгүй англи хэл дээрх анхны кино гэсэн үү?
-Кинонд тоглосон Тайланд болон Монгол жүжигчид англи хэл дээр их анхаарч ажилласан. Англи хэл дээрх зарим үгнүүд философилог учраас хүнд хэцүү байсан. Тайланд жүжигчид хоорондоо харилцахдаа заримдаа үндсэн хэлээрээ ярьж байгаа. Ер нь энэ киноны нэг онцлог нь англи, монгол тайланд гэсэн гурван хэл дээр бүтсэн.
-Та өмнө нь хошин урлагийн жүжигчин байсан. Сүүлийн үед кино урлагт эргэлт буцалтгүйгээр оржээ. Эргээд хошин урлагт тоглох сонирхол байдаг уу?
- Өмнө нь би “Инээдмийн түц” продакшнд ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байсан хошин урлагийн үе тэнгийн залуус маань одоо ч энэ урлагтаа хүчин зүтгэж байна. Тэдэндээ би үргэлж амжилт хүсдэг. Хүнийг инээлгэж сууна гэдэг сайхан шүү дээ. Одоо ч би хошин урлагийн жүжигчин гэдгээрээ нэрлэгддэг. Хүн бүхэн өөр өөрийн зам жимээр амьдардаг. Миний хувьд “Доз Энтертаймент”-ийг байгуулаад ажиллалаа. Энэ нэрээ дараа нь “Доз плас энтертаймент” болголоо. Плас гэдэг үгийг нэмсэн учир нь миний хүү бас аав, ээжийнхээ араас кино урлагт орлоо. Бидний уран бүтээлд их тус дэм болж байна. Цаашдаа гадагшаа явж суралцах байх. Иймээс бэлгэдлээ бодоод “Доз плас энтертаймент” болгосон. Харин хошин урлагийн жүжигчний хувьд тайзан дээр тоглох сайхан. Олон хүмүүсийн өмнүүр нисч байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Сайхан урлаг. Миний хувьд тайзан дээр тоглохгүй, би найруулагч хүн гэж цээжээ дэлдэхгүй. Авьяас дуусаагүй байгаа байх. Тайзан дээр тоглох боломж гарвал тоглоно.
-Өнөөдрийн улс төрийг кино, жүжиг шиг болжээ гэсэн дүгнэлтийг хүмүүс өгдөг. Та энэ бүхнээр кино хийе гэж бодож байсан уу?
- Миний хүсэл сонирхол кинон дотор маань шингэсэн. Надад нэг өвөрмонгол хүн хэлж байсан. Танай монголчууд бие биенээ ерөөсөө мэдрэхгүй юм. Хаашаа ч харсан Монгол хүн байгаа учир та нар харахаараа уур чинь хүрдэг юм шиг байна. Харин бидэнд бол хаашаа ч харсан хятад хүмүүс харагддаг. Иймээс нэг Монгол хүн харвал сайхан санагддаг. Монгол хүмүүс бие биенээ хайрлах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр надад их үнэн санагдсан. Тэгэхээр бид хүн төрөлхтөнд киногоороо дамжуулж сайн сайхныг үзүүлэх ёстой. Ромын эзэнт гүрний үед цэргүүд дайн тулаанд яваад их цус үзэж маш хүнд зүйл туулсны дараа тэднийг шууд театрт аваачдаг байсан түүхтэй. Тэд театрт очоод мэгширтэл уйлдаг байсан гэдэг. Тэр уур омог хүнд хэцүү бүхнээ нулимсаараа уйлж гаргадаг байсан хэрэг. Харин ингэсний дараа гэрт нь хариулдаг байсан байна. Үүнийг тайвшрал олох гэдэг. Гэтэл манай монголчууд дэндүү бухимдангуй байна. “Элэг нэгтэн” их зөөлөн кино. Анх театрт нээгдэхэд хүмүүс үзээд их уйлсан. Кино үзээд гарч ирж байгаа хүмүүсийн нүд урсгал дөлгөөн болсон байсан. Бие биедаа халуунаар гараа атгалцаж байсан. Үүнээс харахад миний зорилго биелж байна даа гэсэн бодол төрсөн шүү. Киногоороо дамжуулж, монголчуудынхаа сэтгэлийг уян болгох юмсан гэж бодсон. Тэгэхээр улс төрчид ч манай киног үзэх хэрэгтэй. Тэд үүнийг үзээд хатуу сэтгэлээ дэвтээх болов уу гэж бодож байна. Ийм ч учраас киногоо “Элэг нэгтэн” гэж нэрлэсэн.
0 comments:
Post a Comment