Сүүлийн жилүүдэд амиа егүүтгэх үйлдэл ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Амиа егүүтгэж байгаа иргэдийн дийлэнх нь 15-44 насныхан бөгөөд амиа егүүтгэл нь залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байгаа ажээ.
Энэ талаар БЗД-ийн ЭМН-ийн Сэтгэц наркологийн диспансерийн эрхлэгч Р.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Хөдөлмөрийн насны иргэдийн амиа егүүтгэл нэмэгдэж байгаа талаар статистик мэдээллүүд гарах болжээ. Энэ насныханд яагаад ийм сэдэл үүсч байгааг тайлбарлаж өгөөч?
-Ер нь бол олон улсад 15-44 насныхны нас баралтын гол шалтгаан нь амиа егүүтгэл байдаг. ДЭМБ, олон улсын судалгаануудаас харахад ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насны залуусын нас баралтын зонхилох шалтгаан амиа егүүтгэл байдаг. Манай улсад ч энэ байдал мөн харагдаж байна.
Монголд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин, хавдар гээд дараалаад явдаг. Тэгвэл залуу хүний нас баралтын шалтгааны номер нэг, эсвэл хоёр, гуравт амиа егүүтгэл ордог.Ерөөсөө л эхний гурван байрт эрэмбэлэгдсээр байгаа.
Олон улсад нийт нас баралтын шалтгааныг эрэмбэлэхэд амиа егүүтгэл 10 дугаарт эрэмблэгддэг бол манайд амиа егүүтгэл нас баралтын шалтгаануудын 6 дугаарт бичигдэж байна. Дэлхийн дунджаас дээгүүр гэсэн үг.
- Амиа егүүтгэх үйлдлийн гол шалтгаан нь юу юм вэ?
- Амиа егүүтгэх үйлдэлд маш олон төрлийн шалтгаан байдаг. ДЭМБ-ын судалгаагаар хөгжингүй орнуудад амиа егүүтгэх үйлдлийн шалтгаан нь ихэвчлэн сэтгэцийн эмгэгүүд байдаг бол зарим азийн орнуудад сэтгэл хөдлөлийн шалтгаантай байх жишээтэй.
Ямар ч асуудалд гарц байдаг юм шүү дээ.
Харин манай улсад хийгдсэн судалгаануудаас үзэхэд амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийхэд сэтгэцийн тулгамдсан асуудлууд буюу сэтгэцийн хямралууд голлох шалтгаан болсоор байна. Ийм учраас нь сэтгэлийн гэмтэл авсан, стресстэй, сэтгэл санааны хямралтай хүмүүс үүнээс өөр гарцгүй мэт бодож, асуудлуудаа шийдвэрлэж чадахгүйн улмаас, бусдаас тусламж хүсэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хэн нэгэнд ойлгуулах сэдлээр, эсвэл би байхгүй болчихвол бүх асуудал шийдэгдчих юм шиг санадаг учраас дээрх үйлдлийг хийдэг. Гэвч ямар ч асуудалд гарц байдаг юм шүү дээ.
- Амиа егүүтгэх үйлдлийн талаар статистик мэдээлэл манайд байдаггүй юм билээ. Тоолох шаардлага байгаа юу?
- Ер нь амиа егүүтгэл гэх үзэгдэл нь нийгмийн гаж үзэгдлүүдийн нэг. 100,000 хүн амд 20-оос дээш хүн амиа егүүтгэж байвал тухайн улсад амиа егүүтгэл өндөр түвшинд байна гэж үзэх бөгөөд нийгмийн, эдийн засгийн, социологийн хувьд индикатор нь болдог үзүүлэлт юм.
Амиа егүүтгэл нь нийгмийн тэгш хэмтэй байна уу, үгүй юу, ганхсан байна уу? гэдгийн илэрхийлэл болж, социологийн шинжлэх ухаанд чухал хэмжүүр болдог. Энэ хэмжүүр болдог зүйлийг бид тоолж сурах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагад амиа егүүтгэл болон егүүтгэх оролдлогын тоог эцэслэн гаргасан мэдээлэл байхгүй. Ийм хэргийг нийт амиа алдсан хүний тоонд оруулчихдаг учраас тусдаа мэдээлэл гарах боломжгүй.
Амиа егүүтгэх оролдлого хийсэн хүмүүс Гэмтлийн эмнэлэг дээр очиход шуугаа зүссэн, артерийн судсаа тасалсан гэж бүртгэхээс биш амиа егүүтгэх гэж оролдсон гэж бүртгэдэггүй. Мөн иргэн өөрөө өөртөө гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн тусламжийн төлбөрийг өөрөө төлөх ёстой байдаг. Тиймээс ихэнх хүн өөрөө өөртөө гэмтэл учруулснаа хэлдэггүй.
Дээрх шалтгаануудаар амиа егүүтгэл, амиа егүүтгэх оролдлогын тоо бодитоор гардаггүй. Уг нь энэ тоог бодитой гаргаж чадвал нийгэмд ямар асуудал байна, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэх юм.
- Нийт иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг хэрхэн тодорхойлдог вэ?
- Олон улсад хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь гурав ангилдаг.
Нэгдүгээрт. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл хүмүүс дийлэнхийг буюу 51-67 хувь
Хоёрдугаарт. Сэтгэцийн эмгэгтэй нь цөөн хувь буюу 3 орчим хувь
Гуравдугаар. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс үлдсэн 30-40 орчим хувийг эзэлдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр хүн тутмын нэгд сэтгэцийн ямар нэгэн асуудалтай байдаг гэсэн үг.
2006 онд манайд Германы судлаачид ирж судалгаа хийсэн. Тэд Монголд 500-600 мянга орчим сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн байна гэж тогтоосон байдаг. Энэ нь хотжилт, суурьшмал амьдралаас үүдэлтэй гэж дүгнэсэн. Ер нь олуулаа нэг нь нөгөөгийнхөө эрхээр хязгаарлагдаж амьдрах нөхцөл үүсэхэд сэтгэцийн хямралд өртөх нь элбэг байдаг.
Хөгжил, дэвшил сэтгэцийн өвчнийг нэмэгдүүлсээр байдаг. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудад хүүхэд төрмөгцөө нэг хуульч, нэг сэтгэл зүйчтэй болдог.
- Хотжилт, суурьшмал амьдрал дагаж сэтгэцийн өвчлөл ихэсдэг гэлээ. Эрчимтэй хотжиж байгаа манай улсын хувьд хэрхэн сэтгэцийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вэ?
- Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвдсөн байдаг.
Энгийн юм шиг хэр нь бидний хувьд сэтгэцийн өвчин гэж үздэггүй зарим шинжүүд сэтгэцийн эмгэгийн шинжүүд байдаг байна. Жишээ нь: Өндрөөс айх айдастай, үзүүртэй юмнаас айх айдас, согтуу хүнээс айх айдастай, сэтгэл түгших эмгэгтэй, архи, тамхины хамааралтай, сэтгэлээр унах, гуньж гутрах, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, компьютер донтон тоглох зэрэг нь сэтгэцийн эмгэгүүдийн шинж тэмдэг юм.
Сэтгэл гэдэг эрхтэн нүдэнд харагддаж, гарт баригддаггүй ч хугардаг, шаналдаг, шархалдаг, үрэвсдэг.
Бид ямар нэг эрхтэн зүрх, элэг, бөөрөө өвдөхөд эхлээд түргэний эмч, дараа нь нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмчлүүлдэг. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн нүдэнд харагддаж, гарт баригддаггүй ч хугардаг, шаналдаг, шархалдаг, үрэвсдэг. Энэ эрхтнээ өвдөхөд эмчид ханддаггүй. Найз дээрээ, аав ээж дээрээ эсвэл бар, пабд очиж сэтгэлээ эмчлэх гэж оролддог. Тэгвэл эдгээр аргууд нь ихэнхдээ сайн байж чаддаггүй. Найздаа хэлчихээр нууцыг нь хадгалж чаддаггүй, эцэг эхчүүд дээрээ очихоор буруугаар ойлгоод өөрсдийнхөөрөө зүтгээд байдаг. Ийм тохиолдолд сэтгэл зүйчээс, сэтгэл засалч эмчээс шаардлагатай бол сэтгэцийн эмчээс ч хүртэл зөвлөгөө авч болно.
Би амиа егүүтгэх оролдлого хийгээд хордлогын төвд эмчлүүлж байгаа иргэдтэй уулзаж судалгаа хийж байсан. Тэнд хордлогоо тайлуулж байгаа иргэдийн 30 хувь нь давтан ирсэн байдаг. Яагаад гэвэл тэнд зөвхөн хордлого тайлах эмчилгээ л хийдэг. Амиа егүүтгэх оролдлого хийхэд хүргэсэн шалтгааныг эмчилдэггүй учраас дахин давтан оролдлого хийдэг. Энд зайлшгүй сэтгэлзүйч хэрэгтэй байгаа биз.
Түүнчлэн олон зуун сурагчтай сургуульд, эмнэлгүүдэд, албан байгууллагуудад сэтгэлзүйч хэрэгтэй байна. Стандартаар бол 50 буюу түүнээс дээш албан хаагчтай байгууллага сэтгэлзүйчтэй байх шаардлагатай.
- Сэтгэцийн өвчлөлд улирлын нөлөөлөл байдаг нь ажиглагддаг. Энэ талаар хийгдсэн судалгаа манайд байдаг уу?
- Амиа егүүтгэх үйлдэл нь төгс болж амиа алдахыг амиа егүүтгэл гэдэг. Манайд хийсэн судалгаагаар хаврын улиралд амиа егүүтгэл нь, намрын улирал оролдлого нэмэгдэж байна гэсэн таамаглал байдаг. Энэ нь ерөөсөө л нарны хэт ягаан туяаны нөлөөнд хүний сэтгэцийн үзүүлж байгаа хариу үйлдлээс үүдэлтэй. Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр төв мэдрэлийн системийн медиаторууд өөрчлөгддөгтэй холбон тайлбарладаг байна.
Тэнгэр муухайрахаар хүмүүсийн үе мөч, хагалгаа өвддөг шиг нарны хэт ягаан туяаны өөрчлөлт сэтгэцэд нөлөөлдөг.
Амиа егүүтгэлийн маш олон онол байгаа. Зарим онолд хүний тархинд байдаг сертонин гэдэг бодис багасахаар сэтгэл гутрал үүсэж, амиа егүүтгэхэд хүргэдэг гэж үздэг. Сэтгэл гутралтай байгаа хүнд синапс хоорондын мембран дах сертонинийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй эм уухыг зөвлөдөг.
- Амиа егүүтгэлд шашны нөлөөлөл хэр их байдаг гэж үздэг вэ?
- Манайд хийсэн судалгааны дүнгээс харахад нэгдүгээрт шашин шүтлэггүй хүмүүс амиа егүүтгэх оролдлого, үйлдлийг хийдэг бол хоёрдугаар нийт иргэдийн 80 гаруй хувийн шүтдэг буддын шашинтай иргэд орж ирдэг. Буддын шашинтай нь дийлэнх учраас Буддын шашин шүтэх нь амиа егүүтгэхэд хүргэнэ гэж ойлгож болохгүй л дээ. Үүнийг яг шашинтай хамруулан дугаарлах боломж бас байхгүй.Ерөнхийдөө бүх шашинд амиа егүүтгэлийн эсрэг сургаал байдаг учир шашин шүтдэг хүмүүсийн дунд тэр дундаа тухайн шашиндаа итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд амиа егүүтгэх үйлдэл нь бага байдаг.
Нэг хүн амиа егүүтгэхэд хамгийн багадаа тэр хүний гэр бүлийн ойр дотны 6-10 хүн сэтгэлийн гэмтэл авдаг.
Харин исламын шашинтай улсуудын дундах хэт даврагч бүлэглэлүүдийн дундах итгэл үнэмшлийн асуудал нь өөр байдагтай холбоотой террорист үйлдлүүд байдаг. Энэ нь гэхдээ исламын шашинтай бүх хүмүүс ийм үзэл бодолтой байдаг гэж ойлгож болохгүй. Зөвхөн хэт даврагч бүлэглэлүүдийн дунд байдаг.
- Хэн нэгний амиа егүүтгэл нь гэр бүлийнхэн, ойр орчмын хүмүүст нь хүндээр тусдаг байх. Тийм үү?
- Нэг хүн амиа егүүтгэхэд хамгийн багадаа тэр хүний гэр бүлийн ойр дотны 6-10 хүн сэтгэлийн гэмтэл авдаг. Амиа егүүтгэл нь олон нийтийн газар үйлдэгдвэл хамгийн багадаа 100 хүн сэтгэлийн гэмтэл авдаг. Үүнийг харгалзан үзэж эмчилгээ хийх шаардлагатай.
Миний нэг өвчтөн бүр багадаа ангийнх нь хүүхдийн хамаатны хүн амиа хорлосон гэдгийг мэдэж байсан бөгөөд тэр талаар дахин бодож байгаагүй ч өөрөө амиа егүүтгэх оролдлого хийх тэр мөчид шууд тэр дурсамж санаанд нь орж сэдэл болсон гэдгийг хэлж байсан. Тиймээс түүн шиг олон зуун сэтгэлийн гэмтэл авсан хүмүүс эмчилгээ хийлгэх шаардлагатай юм.
Ярилцлагын төгсгөлд та бүхэнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан сэтгэл гутралтай байгаа эсэхийг оношлох асуулгыг хүргэж байна.
1. Сэтгэл санаа дундуур уйтгар гунигтай байна уу?
А. Тийм Б. Үгүй
2. Юм хийх идэвх сонирхолгүй аливаа зүйлд баярлах, бахархах сэтгэлгүй болсон уу?
А. Тийм Б. Үгүй
3.Үг яриа, бодол санаа удааширсан уу?
А. Тийм Б. Үгүй
Хэрэв дээрх шинжүүдээс аль нэгэн шинж тэмдэг нь байвал цааш нь үргэлжлүүлэн хариулна уу.
1. Гүн унтаж чадахгүй эрт сэрэх тохиолдол байна уу?
А. Тийм Б. Үгүй
2. Хоол идэх дур буурсан уу?
А. Тийм Б. Үгүй
3. Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу?
А. Тийм Б. Үгүй
4. Сэтгэл санаа гутранги боловч үе үе бухимдах байдал илэрдэг үү?
А. Тийм Б. Үгүй
5. Амьдралд болон өөртөө итгэх итгэл алдарсан мэт мэдрэмж төрдөг үү?
А. Тийм Б. Үгүй
6. Амиа хорлох эсвэл үхэх бодол төрж байсан уу?
А. Тийм Б. Үгүй
7. Амиа хорлох төлөвлөгөө зохиох буюу амиа хорлох оролдлого хийж байсан уу?
А. Тийм Б. Үгүй
8. Бусдын амь насанд хор хохирол учруулах бодол төрдөг үү?
А. Тийм Б. Үгүй
9. Өөрийгөө бусдын өмнө буруутай гэж, өөрийгөө бусдаас доогуур. муу хүн гэж боддог уу?
А. Тийм Б. Үгүй
Та доод тал нь 6-д "Тийм” гэж хариулж байвал сэтгэл гутралтай байна гэж үнэлнэ. Сэтгэл гутрал нь элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой тул та сэтгэлзүйчид хандана уу.
Www.ikon.mn
0 comments:
Post a Comment