Friday, October 16, 2015

Л.Гүндалай дур мэдэн томуугийн вакцин хийхээр зар тараажээ

Нэг хэсэг сүмод хүмүүсийн анхааралд өртөхийн тулд бие хаагаа цохиж, олон янзын авир гаргадаг байсан бөхийн “жүжигчин” гэж хочилдог байсан. Тэрбээр энэ мэт янз янзын үйлдэл хийсэн ч амжилтаа ахиулж чадаагүй юм. Гэтэл манайд тэр дундаа улс төрд сүүлийн үед жүжигчид олширлоо. Сонгууль дөхсөн энэ үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр загвар үзүүлэх нь холгүй яваа тэд олон нийтийн анхааралд өртөхийн тулд элдэв бусыг хийж явна.  

  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч шинэ нам байгуулж ирэх сонгуульд бэлдэж буй. Экс гишүүн маань нам байгуулан тоглож сурсан сэргэг толгой. Тэрбээр хамгийн сүүлд Эрдэнэтийн иргэдийг турхираад авсан. Эрдэнэт хот 100 шахам мянган хүн амтай. Ихэнх иргэдийн тэр дундаа орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд төрөөс нэг удаа үнэ төлбөргүй олгосон газраа авах гэхэд сум орон нутгийн зүгээс иргэндээ өгөх газаргүй учраас хүндрэлтэй байсаар ирсэн. Бүр 2007 онд газар өмчилж авахаар өргөдлөө өгсөн иргэдийн заримынх нь газрын асуудлыг одоо л шийдэж, хот төлөвлөлт газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад байгаа талаар нутгийн удирдлагууд ярьдаг.

Гэтэл Орхон аймагт амьдардаггүй, ирээд гурван сар ч болоогүй Л.Гүндалай Булаг багийн нутагт дур мэдэн сонгосон  газраа авахаар бичиг тоот үйлдэн аймаг, сумын удирдлага руу шидэж баахан хүмүүсийг “чацга”-аар дуудаж, цахимд од болоод авсан. Тэгвэл Л.Гүндалай “Гүнбалай” үйлдэлүүддээ цэг тавиагүй л байна. Хотын ерөнхий төлөвлөлтөд орчихсон хэсэгт хашааны газар олгохыг шаардаж иргэдийг турхирсан гэх “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай энэ удаа томуугийн вакцин хийнэ гэж зар тараажээ. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүн эрүүл ахуйн үйлчилгээг үзүүлэх ерөнхий зарчимаа мэддэг л баймаар. Вакцинийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор хийлгэх ёстой байдаг. Учир нь хариу урвал гарвал үзүүлэх тусламж ч тодорхой байх ёстой ажээ.

Гэтэл дурын нэг иргэн томуугийн вакцин хийж болохгүй гэдгийг мэддэггүй юу эсвэл мэдсээр байж зар тараасан уу. Ямартай  ч үүний дагуу Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар хамтарч шалгалт хийхэд хадгалалт болон тээвэрлэлтийн горим зөрчсөн вакцинууд байжээ. Иймд вакциныг шууд хурааж Л.Гүндалайг байцааж эхэлсэн байна. Нийт 2400 тун вакцин хураасан гэж Эрүүл мэндийн газрын халдварт өвчин судлалын мэргэжилтэн М.Уранчимэг хэлсэн байна.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top